Түгээх    
М.Отгончимэг: Дорноговь аймгийн 66.6 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж байна

 

Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, спорт, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Отгончимэгтэй ярилцлаа.

 

-Дорноговь аймгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай түвшинд байж чадаж байгаа юу?

-Дорноговь аймгийн 66.6 мянган иргэнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 82 эрүүл мэндийн төв үйлчилгээ үзүүлж байна. Миний хувьд эрүүл мэндийн хүртээмж сайн гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамнаас манай аймгийг эрүүл мэндийн салбарын шилдэг аймаг болгосон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар үзүүлэлт зэрэг олон шалгуурыг харгалзаж салбарын шилдэг болгодог. Өөрөөр хэлбэл, манай аймаг иргэддээ хүрч үйлчилж чадаж байгааг шалгаруулсан гэсэн үг л дээ.  

-Аймгийн иргэдийн эрүүл мэндэд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Халдварт бус өвчлөл их бий. Тэр дундаа зүрх судасны, хоол боловсруулах эрхтэний эмгэг байна. Өнгөрсөн жил улаанбурхан өвчний дэгдэлт их байсан. Өвчлөл болон хавдар, зүрх судасны өвчлөлөөс гадна гол анхаарах зүйл бол авто замын осол гэмтэл байна. Дэд бүтэц хөгжихийн хэрээр замын осол гэмтэл ихсэх хандлагатай болоод байгаа. Аймгийн болон Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт осол гэмтлээс үүдсэн гэмтэл бэртэл, өвчлөл, нас баралт ихэссээр байна. Улсын хэмжээнд энэ оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор бид нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг батлуулсан.

-Тухайлбал, ямар, ямар хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлж байгаа вэ?

-“Элэг бүтэн-Дорноговь” хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийг хамруулж, улмаар в, с вирусийн илрүүлэг 52.5 хувьтай байна. Дараагийн хөтөлбөр бол “Эрүүл ирээдүй-Дорноговь” юм. Хүний эрүүл мэнд хүүхэд бага наснаас хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалж, эмчилж байснаас ихээхэн шалтгаалдаг. Иймд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, яаж зөв дадал хэвшилтэй болгох вэ гэдэгт хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн бид “Эрүүл шүд аян”-ыг зарласан. Шүдний өвчлөлийг бууруулах, гарч болох эрсдлүүдийг багасгах, шүдний эмнэлгүүдийг дэмжихээр ажиллаж байна. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх дэд хөтөлбөр болон эх, нярайн тусламж, үйлчилгээний дэд хөтөлбөрийг боловсруулаад явж байгаа. Үндсэндээ улсын үндэсний хөтөлбөрүүдэд тулгуурлан аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулаад тэр чиглэлээр ажилладаг.

 

 

-Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт олон улсын байгууллагын санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хэр их ажил хийгдэж байна?

-Манай аймаг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн төсөл-5”-ын хүрээнд цусны төвийн өрөөг тохижуулсан. Мөн эмнэлгийн хог хаягдлыг ариутгах, устгал хийх зориулалтын барилгыг ашиглалтад оруулсан юм. Тоног төхөөрөмж нь ирвэл үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ. Энэ бол эрүүл мэндийн салбарын хувьд том хөрөнгө оруулалт шүү. Эрүүл мэндийн салбарт Засаг даргын Тамгын газрын удирдлагуудын зүгээс ихээхэн анхаарч ажилладаг. Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрт энэ салбартай холбоотой маш олон зорилт тусгагдсан. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр сургалт явуулж, сургаж байна. 1100 гаруй эрүүл мэндийн салбарын хүний нөөц байгаагаас 120 гаруй нь эмч нар. Манай аймагт хэдийгээр анагаахын сургууль байдаг ч, зарим суманд эмч дутагдалтай байдаг нь өөрөө эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой гэдгийг харуулж байгаа. Иймдээ ч энэ чиглэлээр бодлого боловсруулаад ажиллаж байна.  

-Таны хариуцаж байгаа салбар эрүүл мэндээс гадна спорт, жендерийн асуудал багтаж байгаа. Энэ салбаруудад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Нийтийн биеийн тамирын спортыг идэвхжүүлэх ажлын хүрээнд өсвөрийн баг тамирчдыг дэмжиж, урамшуулах журмыг гаргасан. Тэмцээн уралдаанд оролцож байгаа баг тамирчдаа дэмжихийн хэрээр үзүүлж буй амжилт нь нэмэгдсээр байдаг. Өнөөдрийг хүртэл бид 40 сая орчим төгрөгийн дэмжлэгийг спортын салбарт оруулаад байна.

-Хүүхэд, залуучууд гэлтгүй дунд насныхныг нийтийн биеийн тамираар хичээллэхэд анхаарч байна уу?

-Манай аймагт бусад аймгуудаас ялгарах онцлог бий. Юу гэвэл өглөө бүр нийтийн дасгал хийдэг. Бүх насны хүн нээлттэйгээр оролцох боломжтой. Манай арга зүйч өглөөний дасгалыг тогтмолжуулаад олон хүнийг хамруулаад явж байна. Хүмүүсийн оролцоо ч ихсэх болсон. Нэг үгээр хэлбэл, иргэд эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамираар хичээллэх зөв хандлага бий болж байгаад баяртай байдаг. Мөн бид усан спорт сургалтын төвийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн нь энэ салбарт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажил юм.

-Харин жендерийн асуудлын тухайд?

-Жендерийн үндэсний хорооноос манай аймаг болон Сэлэнгэ аймгийг жендерийн дэд хөтөлбөр боловсруулах жишиг аймгаар сонгосон юм. Энэ хүрээнд өнгөрсөн саруудад Жендерийн үндэсний хороотой хамтран хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан. Жишиг болохуйц дэд хөтөлбөрийг боловсруулаад ажиллавал бусад аймгуудад нэвтрүүлэх ийм хариуцлагатай ажлыг авчихаад ажиллаж байна даа. Жендер гэдэг бол зөвхөн хүйсийн харьцаа биш юм. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, тусламж үйлчилгээ ямар байгаа вэ гэхчлэн олон асуудал багтдаг. Ирэх арванхоёрдугаар сард жендерийн жишиг хөтөлбөрийг дуусгаад Жендерийн үндэсний хорооны зөвлөх багийнхантай хамтарч дэд хөтөлбөрийг эцэслэн гаргахаар ажиллаж байна.

Ц.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 3
Ариун (112.72.*.*)
2017/08/10 23:15:20
Хувийн бизнесээ л хөгжүүлж мөнгө хийгээд нутгийнхнаа ад үзээд байгаа Дэлгэрсайхан гэж хүн олны хараал идэж байна даа
Зочин (202.21.*.*)
2017/08/10 13:19:33
kkk...iim yum bail yu....dornogobi zurh sudas bolon tsus harvaltaara hamgiin undur uzuulelttei aimag...jaahan dulaaraad yalanguya zun tsag ailuudiin gaduur barisan ger ihed olshirdog ba nas baraltiin hemjee ogtsom nemegddeg...ene bol 1990onoos bii bolson asuudal....eruul mendiin asuudal dornogobid bol 00.....dornogobiin anagaahiin surguuliig yaraltai tatan buulga...eniig togsson nohduud emch hiideg ted bol aluurchid...
zochin (202.179.*.*)
2017/08/10 12:11:57
dornogovi aimag hugjij yvaan bndaaa, shine udirdlaguud ni ovoo yum hiigeed bgaa haragdsan shvv neg ochihod