Түгээх    
“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” зөвлөлдөх уулзалт боллоо

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрхзүйн таатай орчин бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгох зорилгоор “ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2017” зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Мэдлэгийг “баялаг” болгох үндэсний тогтолцоог  сайжруулна

 

ХХААХҮ-ийн салбарын тэргүүн зорилтын нэг бол Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд худалдаалах мөн  экспортлогч орон болоход чиглэнэ хэмээн Сайд Б.Батзориг онцлон хэллээ.

Манай улсын нийт экспортын 83.6 хувийг боловсруулалт хийгдээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.86 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Тэгэхээр ХХААХҮ-ийн салбарт технологийн хоцрогдлыг багасгах шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, дэвшилтэт зарим технологийг гадаадын орнуудаас нутагшуулах шаардлагатай тулгарч байна.  Шинжлэх ухаанд суурилж технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртай. Иймээс эрдэмтэн багш, судлаачид та бүхний   мэдлэгийг “баялаг” болгох үндэсний тогтолцоог сайжруулах тал дээр  салбар яам онцгой анхаарч ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтад эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр шинээр бий болсон шинжлэх ухааны ололт, үр дүнг танилцуулах “ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН” зохион байгуулсан.  Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, гарааны компаниудын нийт 30 орчим байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтаар салбарын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийг хөгжүүлэх, гарааны компаниудын бойжилт зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.ХХААХҮ-ийн  салбарын бодлого, үйл ажиллагаанд  олон талт оролцогчдын санал, зөвлөмжийг тусгаж, салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж,  олон талт хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгосон нь зөвлөлдөх уулзалтын үр дүн байлаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0