Түгээх    
Д.Эрдэнэбат: Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэг их наяд төгрөгт хүргэх бүрэн боломжтой

 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

-Аж үйлдвэрийн яам экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх уриа дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар амжилт гаргаад байна вэ?

 

-Эдийн засгийн өсөлтийн суурь нь экспортын тогтвортой орлого. Үүнийг  Монгол Улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлээс харж болно. Эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалан 2012, 2013, 2015 онд нийт экспортын орлого өмнөх оноосоо буурсан үзүүлэлттэй гарч байсан. Хэдийгээр 2014 онд багагүй өссөн ч энэ нь зөвхөн Оюутолгой төслийн экспортын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой байсан юм. Харин бусад салбарын экспорт буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ боловсруулалтын түвшнээр авч үзвэл бэлэн бүтээгдэхүүний экспорт 2015 онд 14.4 хувиар нэмэгдсэн эерэг дүр зураг харагдаж байна. Жишээ нь,цементийн экспорт 638 мянган ам.доллар /1.2 тэрбум төгрөг/-т хүрсэн. Манай улс 2014 онд нийт 1.5 сая тонн цемент импортоор авч байсан бол 2015 онд импорт 46 хувиар буурч,  цементийн үйлдвэрлэл 34 мянган тонноор буюу 1.1 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нийт экспортын ердөө 12 хувь буюу жилд 576 сая ам.долларын орлогыг уул уурхайн бус салбараас олж байна. Тиймээс нам тогтвортой инфляцын орчин бүрдсэн энэ үед уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх боломж бий болоод байна.

 

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

 

-Бид Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яам  зэрэг байгууллагуудтай хамтраад “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар  батлууллаа. Хөтөлбөрийн зорилго нь уул уурхайн бус экспортыг дэмжих, түүн дотроо хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний экспортыг үе шат бүрд нь санхүүгийн болон бодлогын арга хэрэгслүүдээр дэмжсэнээр экспортыг орлогыг нэмэгдүүлж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлогыг жилийн нэг тэрбум ам.долларт хүргэхээр тооцоолж байна.Техник, технологийн дэвшил, судалгаа хөгжүүлэлт (R&D) бол аж үйлдвэрийн салбарын хөгжлийн үндэс суурь нь юм. Үүн дээр төрийн зохицуулалт, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг бий болгосноор Аж үйлдвэрийн салбар хөгжлийн шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ. Гэвч манайд сүүлийн 20 гаруй жилд шинжлэх ухаан болон аж үйлдвэрийн салбар бие биеэсээ хамааралгүйгээр тус тусдаа бодлоготой явж ирсэн. Тиймдээ ч эрдэс түүхий эд төдийгүй уламжлалт мал аж ахуйн түүхий эдийн маш бага хувийг гүн боловсруулж байна. Экспортын бүтцэд төдийлөн өөрчлөлт орохгүй байгаагаас дотоодын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түвшин доогуур, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сул байсаар байгаа юм. Дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж “Монгол улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон эсвэл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж, боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих” бодлогыг тодорхойлж, энэхүү харилцааг “Үйлдвэрлэлийг дэмжих” тухай хуулиар зохицуулж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа эсэхийн нэг том шалгуур бол технологи, мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн нь экспортод гарч чадаж байна уу үгүй юу гэдгээр хэмжигдэнэ. Энэ үр дүнд хүрэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо чухал байна.

 

-Аж үйлдвэрийн яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

 

-Бодлого тодорхой. Өнгөрсөн онд УИХ-аар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” баримт бичгээ батлуулсан байгаа. Энэхүү баримт бичиг нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхойлоход чиглэж байгаа юм. Мэдээж хэрэг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан.Юуны өмнө эрх зүйн орчин чухал. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд бид өмнө нь УИХ-аар батлагдсан хэдий ч хэрэгжээгүй хэд хэдэн хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд шинээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц. Энэ салбарыг хүн л авч явна. Тиймээс инженер техникийн ажилтнуудыг дотоод, гадаадын өндөр ур чадвар, технологи, мэдлэгийг олгох сургуульд бэлтгэх учиртай. Гуравдугаарт, санхүүгийн дэмжлэг чухал. Хөрөнгө санхүүтэй байж үйлдвэрлэл хөгжинө. Дэмжлэгийг бид Үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж хэрэгжүүлнэ. Мөн зөвхөн хөнгөлөлттэй зээл олгох биш, бусад хэлбэрийн дэмжлэгийг ашиглана. Тухайлбал, санхүүгийн түрээсийн үйлчилгээ буюу тоног төхөөрөмжийн лизингээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх, энэ нь нэмэлт барьцаа шаардахгүйгээр тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломжийг үйлдвэрлэл эрхлэгч нарт олгож байгаа юм. Мөн Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамрагдаж болно. Барьцаа хөрөнгө шаардлагатай үйлдвэрлэгчдэд төрөөс 60 хувь хүртэл батлан даалт гаргаж өгч болно. Дөрөвдүгээрт, технологийн хүчин зүйл. Үүнд төрийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй.Өнгөрсөн хугацаанд төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, хэд хэдэн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж батлууллаа. Одоо эдгээр баримт бичгүүдээ бодит ажил болгоход анхаарч шат дараатайгаар ажлуудыг хийгээд явж байна.

 

-Энэ оныг борлуулалтыг дэмжих жил болгон зарласан байхаа?

 

-Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол борлуулалтыг дэмжинэ гэсэн үг. Тиймээс ч 2016 оныг борлуулалтыг дэмжих жил болгон зарлаж дотоодын худалдан авалтаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодод үйлдвэрлэж байгаа чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын үйлдвэрээс хангах зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна.“Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг баталсантай холбогдуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах зорилгоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг УИХ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон. Засгийн газрын 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал,  цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн махны импорт 40 хүртэл хувь буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан нь харагдаж байна.“Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо”, “Вайк лейк” ХХК, “Долоон болдог” ХХК, “Буянт-Од” ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж, холбоодоос ирүүлсэн хүсэлтийг харгалзан холбогдох судалгаа, тооцооны ажлыг хийж гүйцэтгэсний дагуу 13 нэр төрлийн 50 орчим бараа, дотоодын хэрэгцээний 50-иас дээш хувийг хангах боломжтой бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор эдгээр бараанд ногдуулах гаалийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүний үр дүнд ижил нэр төрлийн бүтээгдэхүүний импортын барааны нийлүүлэлт буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадварт эергээр нөлөөлөх, ажлын байр нэмэгдэн иргэдийн орлого өсөх боломж бүрдэж байгаа юм.Өөр нэг анхаарал хандуулах зүйл бол дээр дурьдсанчлан “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулсан явдал юм. Үүнийг дагаад “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулах тухай шийдвэр бас гарсан. Энэ сангаар дамжуулаад экспортын үйлдвэрлэлийг илүү урт хугацаатай, хүү, эрсдэл багатай зээлээр дэмжих юм. Дотоодын эх үүсвэр хангалтгүй байгаа өнөө үед энэ сангаар дамжуулан гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

 

-Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь манай үйлдвэрлэгчдэд маш том боломж, бололцоо боллоо. Үндэсний үйлдвэрлэгчид ч гэсэн сэтгэл өндөр байгаа. Өөр улс орнуудтай ийм хэлэлцээр байгуулах боломж юу байна?

 

-Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх зургадугаар сард багтаан хүчин төгөлдөр болгохоор ажиллаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсад Японы хөрөнгө оруулалтыг татах замаар дотоодын үйлдвэрлэлд техник технологийг нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, улмаар манай улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг төрөлжүүлэх, Японы зах зээлд гарах, хамтран бусад орны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад чухал ач холбогдолтой.Түүнчлэн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр хоёр орны хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспорт, валютын орлогыг тус тус нэмэгдүүлэх юм. Хэлэлцээрийн дагуу манай үндэсний үйлдвэрлэгчид Япон улсад оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн, зарим төрлийн арьсан гутал, сүүн болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, архи, дарс, зарим төрлийн жимсний ундаа, чанамал бүтээгдэхүүн, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг гаалийн албан татварын болон хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжтой болсон. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр учир бид хэлэлцээрийн хэрэгжилтэд түлхүү анхаарч ажиллана. Цаашид шинээр нэмж байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийн хувьд БНСУ, БНХАУ,  Евразийн эдийн засгийн комиссоос манай улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг судлах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

 

-Аж үйлдвэрийн яамны нэг том ажил болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн тендерт дөрвөн консорциум оролцохоо илэрхийллээ. 26 жил ярьсан ажил одоо л нэг биеллээ олох нь?

 

-Өмнөх бүхий л Засгийн газрын үеүдэд энэ асуудлыг хариуцаж байсан яам үйлдвэр байгуулах асуудлыг дэмжиж ажиллаж байсныг дурдах хэрэгтэй. Иймээс ч газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 15 хувийн хэвшилд өгсөн байдаг. Энэ удаагийн Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих уралдаант шалгаруулалтын зарыг 2016 оны гуравдугаар сарын 23-аас 14 хоногийн хугацаатайгаар зарлаж, дөрөвдүгээр  сарын 7-нд хүсэлтийг хүлээн авсан. Нийт дөрвөн  консорциумаас оролцох хүсэлтээ ирүүлсэн. Энэ ондоо багтаад газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж,  үйлдвэрийн зураг төслийг ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгаа.  Мөн түүхий тос дамжуулах хоолойн концессыг зарлаж, дамжуулах хоолойн ажлыг эхлүүлэх гээд хэд хэдэн ажил төлөвлөөд байна.

 

-Ноос ноолуурын хувьд манай экспортод гаргах хэмжээ бага байна. Нийлүүлэлтэд анхаарахаас гадна борлуулалтыг дэмжих бодлого байх хэрэгтэй мэт. Юу гэх гээд байна вэ гэвэл, нэг улс оронд экспортын бараагаа борлуулах гэхээр жижиг дэлгүүрийн буланд хэдэн бүтээгдэхүүн тавиад өндөр үнээр зардаг. Тэгэхээр эргэлт байхгүй, дээр нь өндөр үнэтэй гэж ойлгогдоод байдаг тал бий. Тиймээс Монгол барааны нэрийн дэлгүүртэй баймаар ч юм уу. Мэдээж үүнийг судалж үзсэн байх энэ тал дээр таны бодол?

 

-Ноос ноолуурын салбар нь экспортын баримжаатай томоохон салбар юм. Өнөөдрийн байдлаар нийт ноолуурын 85 хувийг угаасан хэлбэрээр, 12 хувийг самнасан хэлбэрээр дөнгөж гурван хувийг бэлэн бүтээгдэхүүнээр экпортолж байгаа. Цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлснээр экспортыг нэг их наяд төгрөгт хүргэх бүрэн боломжтой. Үүний тулд бэлэн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах шаардлага гарч байгаа. Монголын ХААН ширхэгтээр дамжуулан олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Олон улсад танигдах, экспортыг нэмэгдүүлэх нэг гарц бол олон улсын худалдааны сүлжээнд орох явдал юм.

 

-Ноос ноолуурын салбарын угаах, ээрэх, сүлжих зэрэг тоног төхөөрөмж маш үнэтэй байдаг. Зээл хэлбэрээр авъя гэхээр хүү нь өндөр, хугацаа богино гэдэг бэрхшээлийг үйлдвэрлэгчид хэлэх боллоо?

 

-Өнгөрсөн онд батлагдсан “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-иар энэ асуудлыг шийдэх зорилгоор дэмжлэгийн хэлбэрүүдийг хуульчилж өгсөн. Үүнд ”Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох” гэж зааж өгснөөр заавал богино хугацаат хөнгөлөлттэй зээлээр асуудлаа шийдэх бус арилжааны урт хугацаат зээл авч асуудлаа шийдэх боломжийг бий болгож өгсөн.  

 

-Брэнд гэдэг таны бодлоор, таны тодорхойлолтоор юу вэ?

 

-“Өөрийн барааг ижилсүүлэх, өрсөлдөгчийн бараанаас ялгаруулах үүрэг бүхий нэр, тэмдэг, бэлэг тэмдгийн хослолыг хэлнэ” гэж Америкийн маркетингийн холбооноос тодорхойлсон байдаг.Ер нь бол брэнд гэдэг маань тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг илэрхийлж байгаа илэрхийлэл бөгөөд энэ илэрхийлэл нь хэрэглэгчдэд хэр зэрэг хүрч байна, үнэ цэнээ хэр хадгалж, хамгаалж байна гэдгээс олон зүйл хамаарна гэж боддог. Манай ноолууран бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөх бүрэн боломжтой, түүхий эдийн хувьд дээд тансаг зэрэглэлийнх учраас түүгээр сайн, хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн л хийх шаардлагатай. Бүтээгдэхүүний брэндээс гадна чанарын гэрчлэх тэмдгээр дамжуулан бүтээгдэхүүнийг олон улсад гаргах боломж байна. Ийм ч учраас ноос, ноолууран тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд хэрэглэх “Монголын ХААН ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг бий болгож, гадаадын 33 улсад бүртгүүлээд байна. Энэ нь манай улсаас олон улсад бүртгүүлсэн анхны чанарын гэрчлэх тэмдэг юм. Энэ тэмдгийг олон улсад бүртгүүлэх ажлыг төр, төслийн дэмжлэгтэйгээр хийсэн бол одоо үйлдвэрлэгчдэд тэр чанарт нь тэнцсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, чанар, нэр хүндээ хадгалах үүрэг нь үлдэж байна.

 

-Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдээс Азийн Хөгжлийн банкны төслийг онцлох хэрэгтэй байх. 2009-2015 оны хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн дүнд хөнгөн үйлдвэрийн салбарт багагүй дэмжлэг үзүүлсэн. Энэ төсөл цааш үргэлжлэх үү. Хэрвээ үргэлжилбэл ямар байдлаар хэрэгжих юм бэ?

 

-Бид Азийн хөгжлийн банктай хамтран хөнгөн үйлдвэрийг дэмжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 2016 он бол Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жил, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа онцлог жил юм. Тус байгууллагатай манай улс олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд 2009-2016 онд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийг АХБ-ны Буцалтгүй тусламжийн 14,72 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүллээ.

 

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих энэ төсөл амжилттай хэрэгжсэн тул уг төслийг Азийн хөгжлийн банкны 50,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2016 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн дийлэнх хэсгийг буюу 41,3 сая ам.долларыг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос, ноолуур, мах, сүү, оёдол, эрчимжсэн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, зөгийн аж ахуй, үрийн үйлдвэрлэл, шилмэл малын үржил зэрэг салбаруудын аж ахуйн нэгжүүдэд 3,0 сая ам.доллар хүртэлх хэмжээний зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацааны, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлсөн нөхцөлтэй олгоно. Зээлийн доод хязгаар 600,0 мянган ам.доллар байсныг 150,0 мянган ам.доллар болгосноор жижиг, дунд үйлдвэрүүдийн оролцох боломжийг олгохоос гадна  барьцаа хөрөнгө хурэлцэхгүй байгаа тохиолдолд Засгийн газрын Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан төсөлд хамрагдах боломжийг олгож байгаа. Төслийн эх үүсвэрийг зээл олгохоос гадна салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын лабораторын техникийн чадавхийг бэхжүүлэх, чадавхижуулах олон төрлийн сургалт хэрэгжүүлнэ.

 

-Азийн хөгжлийн банкны төслөөр ноос ноолуурын салбарт зээл, тусламж үзүүлж байгаатай төстэй өөр ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ?

 

-Түүнчлэн зөвхөн Азийн хөгжлийн банк ч гэлтгүй гадны байгууллагуудтай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. Тухайлбал, үйлдвэрүүдэд зөвхөн зээл санхүүгээс гадна мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, чадавхижуулах том асуудал байдаг. Саяхан Канад улсын гадаад хэргийн яамны шугамаар “Канадын их сургуулиудын үйлчилгээ” олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар манайд байгуулагдаж, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг Uniterra хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ноос ноолуурын салбар, барилгын салбарын хүний нөөцийг чадавхижуулах юм. Мөн түүнчлэн Голландын Гадаад хэргийн яамны шугамаар европын зах зээлд ноолууран гэрийн нэхмэл эдлэл гаргах төсөл, Дэлхийн худалдааны байгууллагын Олон улсын худалдааны төвийн шугамаар ноолуур боловсруулах эмэгтэй үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах төсөл зэрэг амжилттай хэрэгжиж байна.Эдгээр төслүүд нь ноолуураа гадаад зах зээлд гаргахад бүрэн боломжтой, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн учраас л иинхүү дэмжиж байна гэж ойлгож байна. Үйлдвэрлэгчид ч мөн адил төслийн дэмжлэгийг бүрэн дүүрэн ашиглаж, экспортоо нэмэгдүүлэн ажиллаж байгаа.  

 

Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 1
zochin (122.201.*.*)
2016/06/03 21:56:58
нефтийн үйлдвэр хаачсан бэ?????барихгүй болсон уу??